Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл, нийтлэлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Хорлоогийн Цэвлээд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр, Монголын Радио, телевизийн Улсын хорооны дарга бөгөөд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлаар 1990 онд ажиллаж байсан, Монголын сэтгүүлзүйн их мастер, нэрт зүтгэлтэн юм.
Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонсвол, “Сэтгүүлзүйнхээ нэрээр төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Өнөөдөр сэтгүүлзүйн салбараас Г.Чулуунбат, Ш.Гүрбазар, Г.Отгон нарын олон хүн шагнуулжээ. Ер нь сэтгүүлзүйд хандах Монголын ард түмний хандлага өөр болж байгаа юм болов уу. Уншдаг, сонсдог, ойлгодог, сэтгүүлзүйгээ хүндэтгэдэг болжээ. Монголд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй Монголын ард түмнийг төдийгөөс өдий хүртэл хөтөлж явсан. Цаашдаа хөтөлсөөр Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрэх юм гэж ойлгож байна. Үүнд миний зүтгэл байсан байх” гэв.
Мөн тэрбээр, МОНЦАМЭ-д бага хугацаанд ажиллаж байсан хэмээн даруухнаар өгүүлээд, МОНЦАМЭ сэтгүүлзүйд томоохон үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа мэдээ мэдээллийн тал дээр би их юм сурсан хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Түүнийг төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав нарын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын ахмадууд, залуу үеийн төлөөлөл, МОНЦАМЭ агентлагийн удирлага хүлээн авч хүндэтгэл илэрхийлэн баяр хүргэв.
Тэрбээр улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.