Японы Эрүүл мэндийн яам “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг пүрэв гарагт олгосноор хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг анагаах эмчилгээг өргөтгөжээ.
Вирусний эсрэг “нирматрелвир”, “ритонавир” эмийн хослол “паксловид” нь Японд коронавирусээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн дотуур ууж хэрэглэдэг хоёр дахь эм болж байна. Тус улсад халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болоод байгаа юм.
Засгийн газар АНУ-ын эмийн компаниас жилийн дотор хоёр сая хүнд хүрэлцэх эмийг хүлээн авахаар тохиролцсон бөгөөд 40 мянган хүнд уулгах эмийг хэдийнээ импортлон авчээ. Эрүүл мэндийн сайд Шигэюки Гото сэтгүүлчдэд мэдээлэхдээ, эмийг эрүүл мэндийн байгууллагуудад даваа гаргаас нийлүүлнэ гэжээ. Мөн Засгийн газар энэ сарын сүүлээр нэмж эм нийлүүлэх ажээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам АНУ-ын “Merck & Co” компанид гарган авсан “молнупиравир” дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олгосон юм. Ш.Готогийн хэлснээр, дотуур ууж хэрэглэдэг эм нь “COVID-19”-өөр хөнгөн өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
Тэрбээр пүрэв гарагт яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалтын дараа мэдээлэл өгөх үеэрээ, ажлын хэсгийн гишүүд “ритонавир” /ХДХВ-ний эсрэг эмээр хэрэглэдэг/ эмийг цусны даралтын эм болон бусад олон төрлийн эмтэй нэгэн зэрэг хэрэглэж болохгүй тул няхуур хандах хэрэгтэйг зөвлөжээ. Энэхүү зөвлөгөөг харгалзан эхний ээлжид 2000 эмнэлгийн байгууллагад хоёрдугаар сарын 27 хүртэл “паксловид”-ыг хэрэглэх жор олгохыг зөвшөөрч, цаашид өргөтгөхөөр төлөвлөжээ.
“Pfizer”-ийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар “паксловид” нь өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг “молнупиравир” эмээс өндөр хувиар бууруулж байгааг тогтоожээ. Тодруулбал, “паксловид”-ыг халдварын шинж тэмдэг илэрснээс хойш таван хоногийн дотор уусан өвчтөнүүдийг плацебо уусан хүмүүстэй харьцуулахад дээр дурдсан эрсдэл нь 88 хувиар буурсан байна.
“Паксловид” нь коронавирусийг биед өсөж үржихээс сэргийлдэг “нирматрелвир”, мөн “нирматрелвир”-ийн үйлчлэлийг сайжруулдаг “ританавир”-ыг агуулжээ. Өдөрт хоёр ширхэгээр таван хоногийн турш уухыг зөвлөдөг энэхүү эмийг Их Британи, АНУ-д 12 дугаар сард яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн юм.