Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний хөнгөн жингийн хэсгийн барилдаанууд тун үзүүштэй болж өндөрлөлөө. Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж хэсгийн барилдаанд дараах үр дүнг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд: ДАШТ-ий хүрэл, Парисын их дуулгын хүрэл медальт Ё.Басхүү D хэсгийг тэргүүлсэн тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүныг, хэсгийн аваргын төлөө Финландын бөхийг тус тус цэвэр яллаа. Улмаар олимпын мөнгөн медальт Гүржийн Ваза Маргвелашвилиг хагас шигшээд ялж аваргын алтан медалийн төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн -73кг: С хэсгийг олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдаж эхний тойрогт Африкийн Жибути улсын залуу бөхийг цэвэр, хоёрдугаар тойрогт Польшийн Виктор Мровзинскиг ялж хэсгийн аваргын төлөө олимпын аварга Италийн Фабио Басилед ялагдан дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Гамбийн бөхийг даралтаар цэвэр ялж хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн -48кг жин: Залуу мастер Б.Баасанхүү эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Лий Хёккёныг цэвэр, хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдсан Францын Мелани Лего-Клемонийг нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Германы хашир туршлагатай бөхийг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы алдарт Н.Цунодатай барилдана.
Эмэгтэйчүүдийн -57кг жин: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Энхрийлэн А хэсэгт Мадагаскарын залуу тамирчинг, хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг ялсан ч хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдаж буй олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Сар-Леон Сисикг ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Польшийн К.Жулияаг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө олимпын хүрэл медальт Францын Гнетотой барилдана.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 00:00 цагт явагдана.