Чили дэх индиан ард түмний яган хэлийг тээгч хамгийн сүүлчийн хүн 93 насандаа таалал төгссөн тухай тус улсын Засгийн газар мэдээлжээ.
“Нийгмийн хөгжил, гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд Карла Рубилар яган хэлний сүүлчийн тээгч бөгөөд энэ ард түмний төлөөлөл болох Кристина Калдероныг тус яамны медалиар нэхэн шагнаж, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүллээ” гэж мэдээнд дурдсан байна.
Чилийн Засгийн газраас мэдээлснээр, Кальдерон лхагва гарагт нас нөгчжээ. Түүнд Магальянес бүс нутгийн хөгжил, соёлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж яамны сайд өөрийн биеэр медаль гардуулахаар төлөвлөж байжээ.
2003 онд ЮНЕСКО Кальдеронд “амьд өв” статусыг олгосон байна. Чилийн Нийгмийн хөгжил, гэр бүлийн яамны мэдээлснээр, тэрбээр яганчуудын соёл, хэлийг хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Кальдерон ач охинтойгоо хамт яган хэлний толь бичиг зохиож, энэ ард түмний түүх, домгийн цуглуулга бэлтгэсэн байна.
Яганчууд бол Чили, Аргентины өмнөд хэсэгт орших Тиерра дель Фуэго бүлэг арлын уугуул иргэд юм. 2017 оны хүн амын тооллогын үеэр Чилид 1600 хүн өөрсдийгөө энэ ард түмний төлөөлөл гэж тодорхойлжээ.
эх сурвалж: ТАСС