Дэлгэр сумын нийт нутгаар зудын эрсдэл их байгаатай холбогдуулан тус сумын ЗДТГ-аас ажлын баг томилон нийт 236 малчин өрхөөр орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Сумын нийт нутгаар 10-15, зарим газраар 80-90 см цасан бүрхүүл тогтож, мал сүрэг өвс тэжээлийн хомсдолд орж, малын хэвтэр бууц хөлдөж, цэвдэг болсон байдалтай байна. Үүнээс шалтгаалж нэгдүгээр сарын 24-ний байдлаар 578 толгой мал хорогджээ. Тодруулбал малын зүй бус хорогдлоор ямаа- 519, хонь 46, үхэр 8, адуу 5 бүртгэгдсэн тухай Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ЗДТГ-аас танилцууллаа.
Малчид өвс, тэжээлийн дутагдалтай байгааг онцолж, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох боломжоор хангах мөн хүн хүчний хийгээд муудсан малд хэрэглэх эм тарианы хэрэгцээ их байгаа тухай онцлон ярьж байлаа.
Тус сумын 24 өрх Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан, Баянбулаг суманд оторлож буй бөгөөд отрын бэлчээрт яваа өрхүүд өөр аймаг, сумын нутагт өвөлжихөд хүндрэлтэй байгаа талаар ажлын багийнханд хэлж, санал бодлоо илэрхийлж байсан юм.
Ажлын баг малчидтай цаг үеийн талаар санал солилцохын сацуу төрийн үйлчилгээ, татварын тухай хууль тогтоомж, төлөлт болон эрүүл мэндийн даагалын талаар мэдээлэл өгсөн тухай холбогдох албанаас мэдээлэв.