Чихэр өвс (Licorice Root ) Эрүүл мэндийн болоод гоо сайхны үнэт ургамал чихэр өвсийг хүн төрөлхтөн 4000 жилийн өмнөөс хэрэглэж иржээ. Дорно дахины анагаах ухаанд чихэр өвсийг нунтаг, өтгөн хуурай, ханд, шүүс хэлбэрээр өргөн хэрэглэж ирсэн ба жишээлэхэд Монголын уламжлалт анагаах ухаанд 60 гаруй тангийн найрлаганд ордог юм. Орчин үед илүү нарийн судлагдсанаар дэлхийн томоохон улс орнуудад гоо сайхны эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа "үнэт" орц юм. Буурцагтны овогт багтах уг эмийн ургамал дэлхий дээр нийт 13 зүйл ургадаг, түүний 5 зүйл нь Монголд ургах бөгөөд Урал чихэр өвс илүү тааралдана. Олон наст ургамал бөгөөд маш хүчирхэг үндэсний системтэй тул элсийг тогтоон баригч юм. Эмийн түүхий эд болох үндэс нь газар доор маш бүдүүн урт ургадаг. Үндэс нь чихэрлэг амттай учир чихэр өвс гэж нэрлэгдэх болжээ. Чихэр өвс нь нүүрс ус, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдлүүдийг агуулдаг ба мөн түүнчлэн тритерпент сапонин буюу глицириззиний хүчил, флавонойдууд, гликозидтой төстэй бодисыг өөртөө агуулдаг. Энэ нь организмыг сэргээн засах, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Чихэр өвс нь эстрогений идэвхжлийг дэмжих, эм бэлгийн дааврын нийлэгжилтэнд таатай нөлөө үзүүлдэг тул эмэгтэйчүүдийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ач тустай. Эмчилгээнд Чихэр өвсний үндэс нь амьсгалын замын системийг цэвэрлэж, астам, бронхит зэрэг хамар хоолойн үрэвслийг дарж, элэг цэвэрлэж, биеэс хорыг гадагшлуулдаг. Мөн Америкын хүнсний эрүүл ахуй нийгмлэгээс (FDA) гаргасан сүүлийн үеийн судалгаагаар ходоодны шархыг эмчилж, хоол боловсуулах явцыг хурдасгаж, шар бадганын хөөрлийг бууруулж, хавдарын эсийн хуваагдлыг багасгадаг нь судалгаагаар батлагдсан байна. Гоо сайханд - Чихэр өвсний бэлдмэл нь гоо сайхны болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагдах болсон ба сүүлийн үед хэдийнээ та бидэнд танил болсон нүүрний олон төрлийн цайруулах, чийгшүүлэх тарилгуудын найрлаганд чихэр өвсний үндэс агуулагддаг ажээ. - Арьсны өнгийг сэргээж цайруулна. - Сэвх толбыг бүдэгрүүлнэ. - Арьсны тослогийг багасгаж, балансийг тэнцвэржүүлнэ. - Арьсны үрэвсэл, батгашилтыг багасгана. - Арьс хуурайшилт, загатнаа болон улайлтыг арилгана. - Арьсны түлэгдэлтийг хурдан хугацаанд эмчилнэ. - Арьсыг чийгшүүлж өгнө. - Нүдний доод зовхины харлалтыг (ядаргаа, нойргүйдлээс үүссэн) багасгана. Үсэнд Чихэр өвс нь хуйханд маш сайн тэжээл өгч үс уналтыг зогсоож, үс ургалтыг дэмжиж өгдөг. Орчин үед үс арчилгааны бүтээгдэхүүн болох шампунь, тэжээлийн тос, ангижруулагчийн найрлаганд ордог ба хагтах болон хуйхны үрэвсэлийг арилгахад чихэр өвсний үндсийг өргөн хэрэглэдэг болсон.