НҮБ-ын Ерөнхий ассамблей пүрэв гаригт хуралдаж, Украинд хүний эрхийг системтэйгээр ноцтой зөрчиж байна гэх үндэслэлээр ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тогтоол баталсан.
Санал хураалтад дэлхийн 175 улс оролцож, 93 орон дэмжих, 24 орон эсэргүүцэх санал өгсөн. Харин 58 улс түдгэлзэх санал өгсний дотор Монгол Улс багтаж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн газар санал хураалтын өмнө НҮБ-ын зарим гишүүн оронд хандан нот бичгээр Ерөнхий ассамблейн хуралд тус улсыг дэмжихийг уриалжээ. Одоогоор ОХУ олон нийтэд хандаагүй уг нот бичгийг хэдэн оронд хүргүүлсэн нь тодорхойгүй байгаа байна.
Хамгийн гол нь, нот бичигт ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудалд “дэмжих” болон “түдгэлзэх” санал өгсөн орнуудыг Москвагийн эсрэг “найрсаг бус хандсан” гэж үзнэ. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон бусад чухал ач холбогдолтой асуудлуудаар хамтран ажиллахад Ерөнхий ассамблейн байр суурийг харгалзан үзнэ гэдгийг илэрхийлсэн байна.
Ингэснээр манай хойд хөрш ОХУ НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд “түдгэлзэх” санал өгсөн манай улсыг “нөхөрсөг бус улс” гэж тодорхойлж, манай хоёр орны харилцаанд хүндрэл үүсэж болзошгүй болгоомжлол бий болоод байгаа юм.
Тэгвэл НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливиа Далтон энэ асуудлаар “ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тогтоол батлах санал хураалтад түдгэлзэх санал өгсөн орнуудыг Москва илт заналхийлж байгаа нь тэднийг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс нэн даруй түдгэлзүүлэх шаардлагатай байгаагийн бас нэг нотолгоо” гэх байр суурь илэрхийлсэн байна.
Харин БНХАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жун “Ерөнхий Ассемблейд улс орнууд аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүргэсэн уг алхам нь НҮБ-ын гишүүн орнуудын хагарал, холбогдох талуудын сөргөлдөөнийг улам хурцатаж гал дээр тос нэмсэн явдал” гэж мэдэгдсэн байна.