Монгол Улсын хүн амын тоо 3.4 сая болж өссөнийг ҮСХ-ноос танилцуулсан. Тэгвэл 2.5 сая хүн буюу нийт хүн амын 74 хувь нь Нийгмийн халамжийн сангаас 2 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт эдэлжээ. Халамж хүртсэн хүний тоо хэдийгээр 2020 оныхоос 93,000-аар буурсан ч олгосон мөнгөний хэмжээ 390 ТЭРБУМ төгрөгөөр өссөн байна.
Өмнөх онтой харьцуулахад Хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 33.8 (2.8%) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 402.2 тэрбум (38.2%) төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 онд 74,600 хүн хамрагдсан нь өмнөх оноос 15.5 мянга буюу 26.2%, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөг болж 21.6 тэрбум төгрөг буюу 13.3%-аар өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн
- 71.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- 21.9 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
- 6.2 хувь нь ахмад настан
- 0.1 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 123,900 хүн хамрагдсаны
- 52.4% нь асаргааны тэтгэмжид
- 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 103.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс ₮4 тэрбум буюу 4% нэмэгджээ.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2021 онд 167,300 хүн хамрагдсан нь өмнөх оноос 69,100 хүн буюу 30.9%-аар буурсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой гэж үзжээ.
18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд ₮1.46 ИХ НАЯДын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 онд олгожээ.