Тэд асуултанд чухам юу гэж хариулав?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байв. Тодруулбал:
БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ.
Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, “Уяач сайд” хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.
Нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Мэргэжлийн туршлагатай хүмүүс орж иржээ. Дэмжиж байна. Та нар ямар арга барилаар ажиллах вэ?
БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос:
-Хэрэв би Элчин сайдаар томилогдвол Экзим банкны шугамаар Монголд хэрэгжиж байгаа зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн
-Кувейт Улс Монголд багагүй зээл тусламж үзүүлдэг. Үндсэндээ 78 сая ам.долларын зээл, 17 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Түлэнхийн төвийн барилгын санхүүжилт болох 8 сая ам.долларын асуудлыг шийдсэн. Барилгын ажил үргэлжилж байна. Цаашдаа тус улсын өндөр технологид залуусаа суралцуулах шаардлагатай байна. Хэрэв би Элчин сайдаар томилогдвол өнөөдөр ажиллаж байгаа Элчин сайдтай хамтран ажиллаж төлөвлөгөө гаргана. Хоёр орны худалдааны эргэлт, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна.
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа:
-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зэрэгт анхаарч ажиллана. Швейцарын Холбооны Улсын нийслэлд олон улсын 39 байгууллага байдаг. Уг байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өргөх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллана. Мөн тэрбум мод тарихад олон улсын байгууллагын дэмжлэгийг авна. Швейцарын Холбооны Улсад Монгол Улсын 2000 орчим иргэн бий. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалж, санал гомдлыг шуурхай шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалах ёстой вэ. Өнгөрсөн хугацаанд гарсан тохиолдлуудаас харахад мэдээллийг урьдчилан авах талаар сургалт авах нь зөв байх. Энэ чиглэлээр ажиллах чадвар дутагдаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Таны ярьсан зүйлтэй санал нийлж байна. Асуудал гарахаар араас нь хөөцөлддөг асуудал дээрээ дүгнэлт судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Консулын асуудал хариуцсан боловсон хүчин дээрээ анхаараагүй явж ирсэн. Маш цөөхөн хүн Консулын үйлчилгээ үзүүлдэг. Элчин сайдын яамдад 1-2 хүн иргэдтэй харьцдаг. Иргэдтэй харьцаж байгаа хүмүүс Гадаад харилцааны яамнаас биш, бусад байгууллагуудаас томилогддог. Тиймээс энэ жилээс эхлэн монгол иргэд олноор амьдардаг улс орнуудад Консулын хэлтэс шинээр байгуулж, зарим газарт орон тоо нэмнэ.
БНСУ-д амьдардаг 42 мянган монгол иргэний асуудлыг хоёр хүн хариуцдаг байсан. Зарим улсад монгол иргэн бага оршин суудаг мөртлөө нэг консулын ажилтан байдаг. Сургалт хийж, хүнтэй ажиллах арга барилыг нь сайжруулна. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр томилогдож байгаа бүх шатны дипломат ажилчдад иргэдтэй харьцах асуудлаар сургалт хийж, даалгавар өгсөн. Бид Элчин сайд нарын ажлыг хагас жил тутамд байгуулсан гэрээнийхээ дагуу дүгнэж, гүйцэтгэл гаргаж Засгийн газарт тайлагнах горимд шилжсэн.