Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай боллоо.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор “Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг бий болгосон. Энэ өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан хамтран “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булан нээж, каталогижуулах ажлыг эхлүүллээ. Тус ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Золжаргал 2024 оны хоёрдугаар сарын 20-нд Нийтийн номын санд 28 нэр төрлийн 116 ширхэг хүний эрх, хууль эрх зүйн холбогдолтой ном, гарын авлага хүлээлгэн өгөв. Тэрбээр, цаашид хүний эрхийн чиглэлийн ном сэтгүүл, гарын авлагаар тогтмол баяжуулж, уншигчдын хүртээл болгох, хүний эрхийн соёлыг түгээхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.