Цахим орчин ашиглан гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас “Цахим-архи” тусгай арга хэмжээний хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, татварын акцгүй гурван зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тухай олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэв.
Нийтийн цахим сүлжээ ашиглан гар дээрээс зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд хариуцлага тооцох үндэслэл болдог. Иймд иргэдэд стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа хуралдан авахгүй байхад анхаарууллаа.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсвэл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор холбогдох хуульд тусгагдсан байна.