Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яамнаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аян есдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ.
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй.
Нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар, ҮУИТ-ын захирал МУУГЗ Г.Цоггэрэл болон албаны бусад хүмүүс оролцож иргэдэд соёлын салбарт өрнөж буй хөтөлбөрийг танилцуулсан юм.
Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Ph.D. Б.Мөнхбадрал “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соёлын дархлаа” сэдвээр, Урлаг судлаач, МУК, СУИС-ийн хүндэт профессор, “Монгол хөөмий” холбооны тэргүүн, МУУГЗ А.Цэдэн-Иш “Соёлын сэргэлт-Ардын урлаг” сэдвээр Говь-Алтай аймгийн иргэд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад илтгэл тавилаа.
Үүний сацуу Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” урлагийн тоглолтоо Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн Алтай чуулгын тайзнаа иргэдэд толилуулснаараа ихээхэн онцлогтой байлаа.
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд тус аймагт ажиллаж буй Соёлын дэд сайд М.Батбаяр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай уулзаж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” аяны талаар болон Говь-Алтай аймагт буй түүхэн болон үл хөдлөх дурсгал, соёлын өв дээр тулгуурласан соёлын аялал жуучлалыг хөгжүүлэх боломж, мөн тус аймагт шинээр ашиглалтад орсон музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа талаараа мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэ сарын 23 хүртэл үргэлжлэх аяныг Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар хамтран өрнүүлж буй бөгөөд тус аймгийн 18 сум 2 тосгонд зохион байгуулж, соёлын байгууллагын анхан шатны байгууллага хийгээд, хөдөөгийн иргэдэд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах аж.
Энэ хүрээнд соёлын салбарын залуучуудын төлөөлөлтэй номтой өглөөний уулзалт хийх, Үндэсний өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч Баруун-Урт сумын хоёрдугаар сургуультай танилцах, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилчдыг чадавхжуулах, иргэдэд зориулсан илтгэл тавих зэрэг үйл ажиллагаа боллоо.