Орон нутагт соёл урлагийн хүртээмж, чанар үйлчилгээг сайжруулах зорилготой улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын сэргэлт-2023” аяныг Говь-Алтай аймагт зохион байгуулна.
Тус аяны нээлт есдүгээр сарын 18-нд Алтай хотноо болох бөгөөд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор соёл урлагийн үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт, соёлын салбарын алба хаагчдад чиглэсэн чадавхжуулах сургалтуудаар үргэлжлэх аж. Түүнчлэн хүүхэд багачууд, тэр тусмаа энэ төрлийн мэргэжлийг сонирхдог, цаашид сонгон суралцах хүүхдүүд зориулсан сургалт зохион байгуулна. Үүний сацуу Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дөрвөн танхимд соёл урлагийн байгууллагуудын үзэсгэлэн дэлгэнэ. Тухайлбал Үндэсний урлагийн их театр, Орон нутаг судлах музей, Нийтийн номын сан гэх мэт байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан үзмэрүүдээр үзэсгэлэн дэлгэх юм.
Аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл даргаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллан, “Монголын сайхан орон” тоглолтыг үнэ төлбөргүйгээр олон нийтэд толилуулахаараа ихээхэн онцлогтой юм хэмээн Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас танилцууллаа.