ОХУ лхагва гаригаас Польш болон Болгар улсуудад нийлүүлэх байгалийн хийн экспортоо зогсоолоо.
Оросын төрийн мэдлийн “Газпром” компанийн удирдлагууд өчигдөр Варшав болон Софигийн эрх баригчдад энэ талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн байна.
Кремлийн тэргүүн Владимир Путин өнгөрсөн сард “нөхөрсөг бус орнууд”-ын жагсаалтад багтсан улсуудад зөвхөн рублиэр газрын тос, байгалийн хий худалдана. Хэрэв тухайн улс рублиэр төлбөр тооцоо хийхээс татгалзсан тохиолдолд эрчим хүчний экспортоо зогсоох талаар мэдэгдэж байв.
Тэгвэл Болгарын Эрчим хүчний сайд Александр Николов Владимир Путин болон “Газпром”-ын дээрх шийдвэрүүд нь одоогийн хүчин төгөлдөр гэрээг зөрчсөн явдал гэж мэдэгдсэн байна.
Тус улс байгалийн хийн нийт хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-ын импортоор хангадаг. Одоо Болгарын Засгийн газар “TurkStream” хоолойгоор дамжуулан цаашид өөр эх үүсвэрээс байгалийн хий импортлох асуудлыг судалж байгаа бөгөөд дотоодын байгалийн хийн хэрэглээг хязгаарлахгүй гэж мэдээлсэн юм.
Харин Польш улс нь байгалийн хийн нийт хэрэглээнийхээ 45 хувийг ОХУ-аас импортолдог. Гэхдээ тус улс энэ оны төгсгөлд дуусгавар болох “Газпром”-той байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг цаашид сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан юм. Польшийн төрийн өмчит “PGNiG” компани одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт байгалийн хийн нөөцийн агуулах 80 хувийг дүүргэлттэй байгаа гэж мэдээлжээ. Энэ нь оны эцэс хүртэл хангалттай хүрэлцэх нөөц аж. Тиймээс өрхүүдийн байгалийн хийн хэрэглээг хязгаарлахгүй.
Хамгийн гол нь, Польш улс нь ирэх тавдугаар сарын 1-нд Литв улсаас байгалийн хий импортлох “GIPL” хоолойг нээхээр төлөвлөсөн. Мөн Норвеги улсаас байгалийн хий импортлох “Baltic Pipe” хоолойн бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах юм. Ингэснээр Польш улс 2022 оны эцэс гэхэд ОХУ-ын байгалийн хийн импортыг бүрэн орлох боломжтой.