ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан төрөлхийн хэвлийн өмнөд хананы цоорхой эмгэгтэй төрсөн нярайг мэс заслаар амжилттай эмчилж байна. 5000 амьд төрөлтөд нэг тохиолддог нярайн энэ эмгэгийг тус төвийн Эх ургийн анагаах ухааны багийнхан эхийн хэвлийд байхад нь оношилж, төрөөд гурван цаг болоод байхад нь мэс засал хийжээ. Энэ мэс заслын талаар багийг ахалсан Ерөнхий мэс засгийн тасгийн мэс засалч, Клиникийн профессор А.Цэнджаваас тодрууллаа.
-Нярайн бие ямар байна вэ?
-Мэс засал амжилттай болсон. Нярайн эмчилгээг үргэлжлүүлж байна. Эмнэлгээс гарах болоогүй, нэг сарын эмчилгээ бий.
-Энэ нярайг төрснөөс хойш хэдэн цагийн дараа хагалгаанд оруулсан бэ?
-Нярай хоёрдугаар сарын 20-ны 02.45 цагийн орчимд төрсөн. 07.00 цагийн орчимд хагалгаанд орууллаа.
-Хэдэн кг жинтэй төрсөн бэ?
-3.4 кг жинтэй, жиндээ хүрсэн нярай байсан. Эх нь өөрөөрөө төрүүлсэн.
-Ийм эмгэгтэй нярайн эмчилгээний үр дүн ямар байдаг бол?
-Хүүхэд бүрэн эдгэрнэ. Ийм эмгэг 5000 амьд төрөлтөд нэг тохиолддог. Манай тасагт жилд дунджаар 20-иод нярайд энэ мэс заслыг хийж байна. Төрөлхийн өмнөд хананы цоорхой эмгэгтэй хүүхэд амьдарна. Эмнэлгийн хэллэгээр амьдралд нийцэх гажиг гэж хэлдэг. Сүүлийн үед ургийн оношилгоо сайжирснаар нярайг ураг байхад нь оношлоод, төрсний дараах эмчилгээний шийдлийг эрт гаргаж, хүүхдийн мэс засалчид эмчлэх бэлтгэлийг хийдэг.
ЭХЭМҮТ-ийн Эх, ургийн анагаахын ухааны багаар төрөлхийн гаж хөгжилтэй ургийн асуудлыг хэлэлцэж, эхийг кесарево хагалгаагаар төрүүлэх үү? өөрөөр нь төрүүлэх үү? Төрсний дараа нярайг эмчлэх боломжтой эсэх, ямар эмчилгээ шаардлагатай гэх мэтээр багаараа хэлэлцэн шийдвэрээ гаргадаг. Ургийн гаж хөгжлийн талаар эцэг, эхэд нь тайлбарлана. Хүүхдээ төрүүлэх эсэх шийдвэрийг эх, эцэг нь гаргадаг. Сүүлийн үед ургийн гаж хөгжилтэй гэсэн онош сонсоод амьдралд нийцэх гажиг буюу эмчлэх боломжтой нярайг төрүүлэхгүй үр хөндөлт хийлгэж байна. Ингэж болохгүй гэв.