“K-pop”-ийн домог болсон “Big Bang” хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн ирнэ гэж “YG Entertainment”-аас өчигдөр мэдээллээ. Энэ хавар цацагдах шинэ дууныхаа бичлэгийг тэд аль хэдийнэ хийлгэсэн бөгөөд одоогоор клипний ажил явагдаж байгаа аж.
Хамтлагийн гишүүд бүгд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчинд үүрэгт цэргийн албаа хаахаар явснаар 2018 онд түр завсарласан. Тэр үеэс хойш хамтлагт нэлээн өөрчлөлт орлоо. Учир нь хамтлагийн гишүүн Сүнри 2019 онд “Burning sun” шөнийн клубын дуулианд орооцолдсоноор хамтлагаа орхисон. Тэрбээр есөн төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө шүүхийн шийдвэр гарч 18 сарын хорих ял авсан билээ. Мөн хамтлагийн гишүүн “T.O.P”-ийн хувьд “YG Entertainment”-тай гэрээгээ цаашид үргэлжлүүлэхгүй боловч хамтлагийнхаа гишүүдтэй хамтран ажиллана гэв.
Ийнхүү удахгүй гарах шинэ сингл нь Сүнригүйгээр хийж буй анхны уран бүтээл болж байна.
“Big Bang” нь 2006 оноос идэвхитэйгээр уран бүтээл туурвиж, 10 гаруй жилийн турш Өмнөд Солонгосын хамгийн нөлөөтэй хамтлагуудын нэг байсан. Тухайлбал, 2007 онд “Lies”, 2008 онд “Haru Haru”, 2012 онд “Fantastic Baby”, 2015 онд “Bang Bang Bang” зэрэг хит дуунуудаа гаргаж байв. Цэрэгт явцгаахаасаа өмнө хамгийн сүүлд “Flower road” нэртэй сингл уран бүтээл гаргасан нь одоогоор “Youtube”-д 2.5 сая гаруй үзэлттэй байна.