Казахстанд нэгдүгээр сарын эхээр хийн үнийг эсэргүүцсэн жагсаалаас үүдэлтэй эмх замбараагүй байдал, олныг хамарсан үймээн дэгдсэн. Энэ улсад ноцтой нөхцөл байдал үүсэж, улс төрийн халаа сэлгээ ч хийгдсэн бөгөөд чухамхүү энэ үеэс эхлэн Назарбаевын хүрээллийнхэн олноороо албан тушаалаа орхих болсон юм. Тэр дундаа Назарбаев ч насан туршдаа хаших албан тушаалаасаа буусан.
Назарбаевынхны эрх мэдлийг хязгаарлах энэ ажил үргэлжилсээр байгаа бололтой. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин Дарига Назарбаева энэ улсын эрх баригч “Нур Отан” намын улс төрийн зөвлөлөөс хасагджээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, намын хурлын үеэр баталсан шинэчилсэн жагсаалтад Дарига Назарбаевагийн нэр багтаагүй байна. Түүнчлэн “Нур Отан” намын зөвлөлийн бүрэлдэхүүн 55 хувиар өөрчлөгджээ.