Алтайн тэмээчдийн баярын хурдан атны уралдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн тэмээчин, сумын алдарт уяач Б.Алтаншагайн улаан ат түрүүллээ.
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Туульсын хаан Жангар-2023” хүч эрчмийг хураах үйл ажиллагааны хүрээнд “Тэмээний баяр-2023” Алтай хотноо энэ өдрүүдэд болж байгаа билээ.
Хурдан атны уралдаанд 40 гаруй, хурдан торомны уралдаанд 21 тэмээчин хурдан ат, тормоо сойн оролцов. Хурдан атны уралдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн тэмээчин, сумын алдарт уяач Б.Алтаншагайн улаан ат түрүүлсэн бол, аман хүзүүнд Алтай сумын Баянцагаан багийн н.Мэндсайханы шар ат орсон бол хурдан торомны уралдаанд Шарга сумын тэмээчин, Аймгийн сайн малчин, алдарт уяач Т.Тайвангийн ширээ хөх түрүүлж, аман хүзүүнд Эрдэнэ сумын тэмээчин В.Билэгсайханы шар тором давхилаа.
Говийн тэмээчид ийнхүү баяраа тэмдэглэж байгаа нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх хэл, ёс заншил, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, тэмээн соёлыг түгээх, сурталчлах, үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийг алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм.