Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 916 эх амаржиж, 918 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 31 тохиолдлоор буурсан байна.
Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.9 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 504 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 14 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.4 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 776 эмэгтэй хамрагдсан ба 94.1 хувь нь эхний гурван сартайд, 5.8 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцоллоо.
Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.2 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2023 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 918 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 34 тохиолдлоор цөөрсөн аж. Тэдний 495 буюу 53.9 хувь нь хүү, 423 буюу 46.1 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа.