Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” үйл ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран жин хасах уралдааныг өнөөдрөөс өрнүүлж эхэллээ.
Аймгийн нийт хүн амыг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндийг дэмжих, илүүдэл жин /таргалалт/-г тодорхой хувиар бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор энэ аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулах аж.
Илүүдэл жинтэй, дасгал хөдөлгөөний ачаалал даах чадвартай, эрүүлээр жингээ хасах зорилготой аймгийн төвийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид иргэдийн дунд нээлттэй зохион байгуулж буй бөгөөд оролцогчид нэг сарын хугацаанд Биеийн тамир, спортын газрын арга зүйч нарын удирдлага, зөвлөмж дор уралдаанд оролцох юм.
Уралдаан 2023 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 11-ний хооронд 30 хоногийн хугацаанд болох ба мөн хугацаанд хамгийн их жин хассан, хүн амын бие бялдрын чийрэгжүүлэлтийн сорилын үзүүлэлт ахисан эхний гурван байрыг шалгаруулж урамшуулах ажээ.
Сонирхуулахад, уралдаан нийт нэг сая таван зуун мянган төгрөгийн шагналын сантай ба нэгдүгээр байр эзэлсэн оролцогч 700 мянга, удаах байрууд 500 мянга, 300 мянган төгрөгийн эзэн болох боломжтой юм.