Виржиния Жуффре гэдэг эмэгтэйн нэхэмжлэлтэй, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр Нью Йоркийн шүүхэд шалгагдаж буй Их Британийн ханхүү Эндрью цэрргийн бүх цол хэргэмээсээ татгалзжээ. Букингемийн ордноос энэ талаар мэдээлсэн байна. Эндрью мөн хааны гэр бүлийн өндөр хэргэм зэргээ цаашид албан ёсоор ашиглахгүй болж байгаа аж. Хэдий цол хэргэмээсээ татгалзсан ч энэ нь Их Британийн хааны гэр бүл асуудлыг өөрсдөөсөө холдуулсан хэрэг болохоос шүүхийн үйл явцад нөлөөлөхгүй юм. Эндрью цаашид жирийн иргэний хувиар шалгагдаж эрхээ хамгаална гэж хуульч нь мэдэгдсэн байна. “Виржиния Жуффре мөнгө хүссэн ч байж болох юм” гэж тэрээр нэмж хэлжээ.
Ингэснээр ханхүү Эндрью ханхүү Харри, Меган нарын нэгэн адил дээдсийн хэргэмээ хадгалах ч албан ёсоор ашиглах боломжгүй болж байна.