АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден пүрэв гаригт ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авснаа зарласан.
Цагаан ордны тэргүүн мэдэгдэл хийх үеэрээ “Путин бол түрэмгийлэгч. Тэр бол дайныг сонгосон. Одоо Путины сонголтын үр дагаврыг тэр өөрөө болон ОХУ үүрэх болно. Цогц хориг арга хэмжээ нь ОХУ-ын эдийн засагт нэн даруй болон цаг хугацааны явцад томоохон хүндрэл учруулна” гэсэн юм.
Хориг арга хэмжээний хүрээнд:
-ОХУ-ын банкны системийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг хамгийн том санхүүгийн байгууллага болох “Sberbank” болон түүний 25 охин компанийг АНУ-ын санхүүгийн системээс хасах
-ОХУ-ын хоёр дахь том банк болох “VTB” банк болон түүний 20 охин компанид бүрэн хориг тогтоох
-“Bank Otkritie”, “Sovcombank OJSC” болон “Novikombank” зэрэг Оросын өөр гурван том банкинд бүрэн хориг тогтоох
-ОХУ-ын төрийн өмчит “Sberbank”, “AlfaBank”, “Credit Bank of Moscow”, “Gazprombank”, “Russian Agricultural Bank”, “Gazprom”, “Gazprom Neft”, “Transneft”, “Rostelecom”, “RusHydro”, “Alrosa”, “Sovcomflot” болон “Russian Railways” гэх 13 компанийг АНУ-ын зах зээлээс мөнгө босгож, хөрөнгө оруулалт татахыг хориглох
-Оросын улс төр, бизнесийн нөлөө бүхий долоон хүн тэдгээрийн гэр бүлд виз олгохыг хориглож, хөрөнгийг нь царцаах
-ОХУ-ын армид хориг тогтоох
-Оросын технологийн импортыг хориглох
-Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ойрын хүрээллийн долоон хүн, тэдгээрийн хамаарал бүхий нийт 25 хүн болон тус улсын төрийн өмчит хоёр банк, зэвсэг үйлдвэрлэгч есөн компанид хориг тогтоох зэрэг арга хэмжээ авсан байна.
ОХУ-ын Төв банкны мэдээлснээр 2022 оны эхний байдлаар тус улсын ДНБ-д эзлэх нийт банкны секторын актив ойролцоогоор 90 хувь байгаа юм. Тэгвэл АНУ-ын хоригт орсон банкууд нь Оросын нийт банкны салбарын 80 хувийг эзэлж байна.
Гэвч Жой Байдены танилцуулсан хоригт ОХУ-ын эрчим хүчний компаниуд болон Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг шууд чиглэсэн арга хэмжээ тусгагдаагүй нь шүүмжлэл дагуулж байгаа юм.
Цагаан ордны зүгээс Оросын эрчим хүчний салбарт хориг тогтоосноор газрын тос, байгалийн хий болон шатахууны үнийн огцом өсөлт явагдана. Энэ нь эдийн засгийн хориг бус эсрэгээрээ Путины хэтэвчийг зузаалах алхам болно. Бид өөрсдийн болон холбоотнуудынхаа эдийн засагт хохирол учруулах ёсгүй. Уг хориг нь зөвхөн ОХУ-д хохирол учруулах зорилготой гэх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл баасан гаригийн арилжааны байдлаар Москвагийн хөрөнгийн биржийн “MOEX” индекс 20.08 хувиар унаж, нэгж үнэ нь 92.54 болсон байна. Ингэснээр “MOEX” индексийн ханш 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа хоёр оронтой тоо болжээ.
Мөн рублийн ханшийн сулрал үргэлжилж, ам.доллартай харьцах харьцаа өнөөдрийн байдлаар 85.5-д хэлбэлзэж байгаа нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт юм.
Эсрэгээрээ пүрэв гаригийн арилжааны хаалтын байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржийн “S&P 500” индекс 1.5 хувь, “NASDAQ” 3.3 хувиар тус тус өсжээ.
Гэсэн ч сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн зах зээл дээрх брэнт маркийн газрын тосны ханш 2.04 хувиар өсөж, баррель тутамд 101.12 ам.доллар хүрсэн бол Оросын “Sokol” 3.48 хувь өсөж, 101.32 ам.доллар, “ESPO” 4.73 хувиар өсөж, 101.34 ам.долларт хүрээд байна.