Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчлөлийн шалтгаан, нас баралтыг багасган дундаж наслалтыг 80–аас дээш болгох зорилт дэвшүүлсэн “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь энэ оноос таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд иргэн бүрд 80-аас дээш наслах хандлагыг бий болгож, хүн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлон, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, өвчлөлд нөлөөлөх шалтгааныг тогтоон өвчлөл, нас баралтыг бууруулснаар Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш хүргэх зорилготой аж.
Хөтөлбөрийн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд тус аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж буй юм.
Аяны ач холбогдол нь, “Эрт үеэс монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л хэрэглэдэг нандин өмч нь байлаа. Монгол хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, савхтай, хутгатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байсан бөгөөд хол, ойр хаа явсан ч авч явдаг байсан байна. Үүний ач тус нь:
-Бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, хеликобактериас өөрийгөө болон гэр бүлээ, бусдыг хамгаалж чадна.
-Хоол идэж, тараг сүү уусны дараа аягаа долоох нь хоолойн мах буюу гүйлсэн булчирхайд маш сайн дасгал болж, хоолойн элдэв өвчнөөс хамгаалах чухал арга юм. Аягаа долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын бэлгэддэг.
-Монголчууд нас ахих тусам аяганы хэмжээгээ жижигрүүлэн ходоод, нойр булчирхайн өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлж урт насалдаг байжээ.
-Хүн бүр өөрийн аягатай явах нь нэг талдаа тухайн айл аяга, таваг угаах ажил хөнгөвчлөх, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёл бөгөөд усаа хэмнэх байгаль экологид ээлтэй амьдралын хэв маяг юм.
-Мөн сургалт зөвлөгөөн аливаа үйл ажиллагаанд нэг удаагийн аяга хэрэглэн үргүй зардал гаргаж, хог хаягдал үүсгэхгүйгээр оролцогчдоо “аяганы соёл”-оо эрхэмлэн оролцуулж хэвших нь зүйтэй.
-Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийцтэй мөнгөн аягаа хийж авч явах нь монгол хүний гоёл болдог байсан.
-Монголчууд ихэвчлэн мөнгө, зэс аяга, модон тагшанд хоолоо иддэг байжээ. Хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга гэж үзэн, мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай гэж эрхэмлэдэг. Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин ордог байна.
Хүн бүр, хүүхэд бүхэн монгол ухаан, өв соёлоо эрхэмлэн байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягт суралцаж “Аяганы соёл +80” аянд нэгдэн, нэг аягаар нэлээн асуудлаа шийдэхийг уриаллаа.