“Алтайн соёлын сэргэлт” соёл, урлагийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн нэгдүгээр сарын 26, 27-нд боллоо.
Зөвлөгөөнөөр салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулсан юм. Тухайлбал, аймгийн Соёл, урлагийн газраас Нийтийн номын сантай хамтран номын санчдын чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сумдын Соёлын төвийн болон Нийтийн номын сангийн нийт 28 албан хаагч хамрагдлаа. Тэдэнд “Бүх нийтийн соёлын боловсрол” үйл ажиллагаа, “Соёлын статистикийн тухай ойлголт”, “Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн лавлагаа, мэдээллийн цахим сан”, “Утга зохиол, ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн соён гэгээрэл”, “Номын сангийн фонд бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт” сэдвээр тус тус илтгэл мэдээллийг номын санчдад хүргэжээ.
Мөн үеэр номын сангийн анхан шатны бүртгэл хөтлөх, ном сэлбэн засах дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь мэдлэг мэдээллээ бататган харилцан туршлага солилцсон аж.
Нэгдсэн зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр Соёл, урлагийн салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс:
-Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын нарийн мэргэжлийн багш, уран бутээлчдийг байр орон сууцаар хангахад “Төрийн албан хаагчдын орон сууц хөтөлбөр”-өөс байрны урьдчилгаанд 50,0 сая төгрөг
-Салбарын 20 ажилтны мэргэжил, боловсрол ахиулахад 40,0 сая төгрөг
-Техник, тоног төхөөрөмж худалдаж авахад 5,7 сая төгрөгөөр тус тус дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай аймгийн Соёл, урлагийн газраас мэдээлэв