Говь-Алтай аймгийн хэмжээнд 2023 онд 981 эх амаржиж, 983 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь 2022 оны мөн үеэс 56 тохиолдлоор буурсан байна.
Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.5 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 541 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 14 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.7 хувийг эзэлж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.
2023 оны байдлаар жирэмсний хяналтад шинээр 819 эмэгтэй хамрагдсан ба 94 хувь нь эхний гурван сартайд, 5.9 хувь нь 4-6 сартайд орсон байна.
Сонирхуулахад, мөн онд тус аймгийн хэмжээнд 983 хүүхэд амьд төрсөн нь 2022 оны мөн үеэс 60 хүүхдээр буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 530 буюу 53.9 хувь нь хүү, 453 буюу 46.1 хувь нь охин байна. Тэдний 4.4 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас онцлон танилцуулсан юм.