Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2023 онд Говь-Алтай аймагт төслөө хэрхэн хэрэгжүүлсэн талаар холбогдох албаныханд танилцуулах үр дүнгийн уулзалт зохион байгууллаа.
Хүүхдийг ивээх сангийн Говь-Алтай салбараас 2023 оны төслийн үр дүнгийн уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав. Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Хүүхдийг Ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Боловсролын шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар болон бусад мэргэжилтнүүд, Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Дарив сумын хамтарсан багийн гишүүд, Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн төслийн ажлын хэсэг оролцсон юм.
Японы хүүхдийг ивээх сан Говь-Алтай аймагт 2023 оны нэгдүгээр сарын 16-нд салбараа нээж, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.
Тодруулбал, хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх, багш сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүд, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжин сургах, сургууль ба хамтарсан багийн ажиллагааг сайжруулан бэхжүүлэх зорилгоор Японы хүүхдийг ивээх сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэлсэн юм. Төсөл 2023 оны нэгдүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг уулзалтаар төслийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулсан юм.
Хүүхдийг ивээх сангаас тус аймагт хэрэгжүүлэх “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль ба хамтарсан багийн ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практикийг бий болгохоор сонгогдсон орон нутаг, ерөнхий боловсролын сургуулиуд, хамтарсан багтай хамтран ажиллаж буй ажээ. Түүнчлэн хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагаануудыг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж буй тухай холбогдох албанаас мэдээлэв.
Хүүхдийг Ивээх Сан нь тус аймагт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл, “Хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх төсөл”-ийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн юм. Үүнээс гадна Монгол Улсад “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зорилтод нийцүүлэн “Тархварзүйн хяналтыг дэмжих нь” төсөл хэрэгжүүлж 18 сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг сургаж чадавхжуулахын зэрэгцээ сумдын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн баллоныг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн. “Денан” эрүүл мэндийн санхүүжилттэй төслийг 2022 оноос Чандмань сумд хэрэгжүүлэн ажиллаж байна.