Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтанд идэш тэжээлийн дэмжлэг болох биотехникийн арга хэмжээ авчээ.
Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт өнөө өвөл найман удаагийн цас орж өвөлжилт хүндэрч байгаа тул хээрийн бэлчээрт нутагшиж байгаа тахийн сүрэгт биотехникийн арга хэмжээ авч эхэллээ.
Хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас Шар царгас өвсийг цаг уурын нөхцөл байдал хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр 450 боодол өвсийг намар бэлтгэн нөөцөлжээ.
Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн бүс нутаг болох Хонь усны баянбүрдэд 2023 оны тооллогоор 186 хээрийн зэрлэг тахь, Тахь усны баян бүрдэд 35 тахь нийт 221 тоо толгой тахь бүртгэгдсэн байна. Сонирхуулахад, дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд 2023 оны наймдугаар сард зэрлэг амьтны мониторинг судалгааны ажил хэрэгжүүлэхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэг ажиглагджээ.