Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Еваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа.
Тодруулбал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэгдүгээр сарын 5-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Еваристе Коуасси Комлантай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудал болон цаашид хамтран ажиллах бусад боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ноён Комлан Говь-Алтай аймгаас хэрэгжүүлж буй хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, зохион байгуулж буй ажлуудад талархал илэрхийлж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлогын баримт бичгээ уялдуулан, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал, хөгжил, тэдний амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн томоохон ажлууд хийгдсэн байна. Тухайлбал, тус аймгийн хүн амын усан хангамжийг сайжруулах зорилгоор Дарви, Алтай, Төгрөг, Есөнбулаг, Шарга суманд зөөврийн усан сан бүхий байгууламж, засвар шинэчлэлт, ухаалаг төхөөрөмж, хайс хамгаалалтын ажлыг хийсэн байна.
Мөн Жаргалан, Эрдэнэ, Бугат суманд халуун усны газар, Цогт, Баян-Уул, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг, “Марал-Алтай” ӨЭМТ, Есөнбулаг дөрөвдүгээр цэцэрлэг, “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургууль, Гуулин тосгоны ЕБС гэх мэт эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдэд гадна, дотор ариун цэврийн байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлыг өрнүүлжээ. Түүнчлэн Төгрөг, Дарви, Эрдэнэ, Есөнбулаг суманд өрхийн, 14 суманд малчин өрхийн ариун цэврийн байгууламж байгуулсан ажээ. Үүний сацуу Тонхил суманд 250,000,000 төгрөгөөр Ахуйн үйлчилгээний төвийн барилга, бүх суманд цахим сургалт, хурлын тоног төхөөрөмж, Есөнбулаг сумын Баянхайрхан багийн гэр хорооллын гудамж болон Бигэр сумын цэцэрлэг, Дарви сумын ЕБС-ийн дотуур байрны гадна бохирын байгууламжийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан нь 190 гаруй оронд хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хүүхэд хамгаалал, ус, ариун цэврийн байгууламж, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бодлогын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, шинэлэг шийдэл бүхий ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.