Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн сумдын иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 420 орчим иргэнийг сургалтад хамруулжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баянтлорлй тосгонд байрлах Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны орчны бүсийн сумдын иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 онд ENSURE төсөл, аймгийн БОАЖГ, УЦУОГТ-ийн төлөөллүүдтэй хамтарсан сургалт сурталчилгааны ажлыг зургаан удаа зохион байгуулж, нийт 420 орчим иргэнд хүрч ажиллажээ.
Тус сургалт сурталчилгааны ажлыг “Тусгай хамгаалалттай газрын үнэ цэн, ач холбогдол”, “Бэлчээрийн мониторинг судалгааны үр дүн, бэлчээрийн даац”, “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйл”, “Биологийн олон янз байдлыг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо”, “Цөлжилт газрын доройтол, ойн үнэ цэн”, “Байгаль орчныг хамгаалах хууль эрхзүйн мэдлэг олгох” гэсэн үндсэн агуулгын хүрээнд өрнүүлсэн тухай Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Ингэхдээ тус аймгийн Цогт, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны малчид, төрийн албан хаагчид, эко клубийн сурагчид, иргэдийг хамруулсан бөгөөд ENSURE төслийн орон нутгийн ажилтнууд, БОАЖГ-ын мэргэжилтнүүд, УЦУОШТ-ийн инженер, сумдын БОХУБ, байгаль хамгаалагч нартай хамтран зохион байгуулжээ.