Говь-Алтай аймгийн “Ирээдүй Алтай” холбооноос нутгийнхаа оюутан залуучуудад зориулан “Өвлийн цэнэг-23” үйл ажиллагаа зохион байгуулжээ.
“Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбоо нь 20 жилийнхээ ойн хүрээнд 20 бүтээлч ажлыг өрнүүлж байгаагийн нэг нь Говь-Алтайн уугуул 500 оюутныг хамарсан “Өвлийн цэнэг” үйл ажиллагаа аж. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн 18 сумын 500 залуу оролцож мэдээлэл солилцон, бие биеэсээ суралцаж, цэвэр агаарт дуу хууртай, бүжиг наадамтай нэгэн өдрийг өнгөрүүлж “Өвлийн цэнэг”-ээ авсан тухай “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин онцлов.
“Ирээдүй Алтай” холбоо нь 10 дахь удаагийн “GOOD STUDENTS-2023” оюутны сургалтын тэтгэлэг олгосон бөгөөд авьяас чадвар, хувь хүний хөгжил, санаачилга, манлайллаараа тэргүүлэгч 20 оюутанд 30 сая төгрөгийн сантай сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан батламжийг мөн үеэр гардуулсан юм.
Холбооны хоёр дахь үеийн тэргүүн Цэдэвийн Дашдорж агсны санаачилга, дэмжлэгээр “Good students” сургалтын тэтгэлэг олгогдож ирсэн бөгөөд Цэдэвийн Дашдорж агсны дүү “ББМНТ” ХХК-ийн захирал Ц.Баянмөнх ахынхаа гэгээн дурсгалд зориулж дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, ивээн тэтгэлээ хэмээн “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос онцлон мэдээлэв.