Эрүүл мэндийн салбарт таваас доошгүй жил ажилласан, цаашид тус байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдад орон сууцны дэмжлэг болгож 10 сая төгрөг олгохоор аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар баталлаа.
Говь-Алтай аймгийн ИТХ-аас эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг олгохоор 2023 оны орон нутгийн төсөвт 800 сая төгрөг төсөвлөн баталсан. Иймд эхний ээлжид 80 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулна. Ингэхдээ салбарын анхан шатны байгууллагад ажиллаж буй албан хаагчдаас санал авч шат шатны байгууллагын хурлуудад хэлэлцсэний дараа дэмжлэг нэн хэрэгтэй 80 хүнийг сонгохоор журамд заасан аж.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас 4, Нэгдсэн эмнэлгээс 50, сумдын Эрүүл мэндийн төвөөс тус бүр нэг, Уламжлалт анагаах ухааны төвөөс 2 албан хаагчийг сонгон дэмжлэг олгохоор хэлэлцэн шийдвэрлэжээ.