Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа ба хөтөлбөрийн үр дүнг танилцуулах “Ургацын баяр” энэ сарын 8, 9-нд Алтай хотноо болно.
Энэхүү үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт хангах хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой аж.
“Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.
Дээрх хөтөлбөр үр шимээ өгч эхэлсэн бөгөөд Тайшир, Бигэр сумын агропаркад хүнсний нарийн ногоо тарьж, ургацаа хурааж байна. Мөн сумдад тарьсан жимсгэнийн моднууд жимсээ өгч эхэлжээ.