“Хантайшир экспо” үзэсгэлэн худалдаанд Говь-Алтай аймгийн 18 сум, Ховд, Завхан аймгийн нийт 90 гаруй газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ “Хантайшир экспо” нэрийн дор есдүгээр сарын 8, 9-ний өдөр боллоо.
Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн сум бүрээс жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлөөр оролцсон бөгөөд тэд нийт 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үзүүлэн сурталчилснаар 150,0 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
“Хантайшир экспо-2023” үзэсгэлэн худалдааны 40 хувийг төмс, хүнсний ногоо, газар тариалангийн бүтээгдэхүүнүүд, 15 хувийг сүү цагаан идээ, 15 хувийг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, үлдсэн 30 хувийг хүнсний болон бусад нэрийн бүтээгдэхүүнүүд эзэлсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.
Үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ залуу баялаг бүтээгчдэд туршлага солилцох боломж олгодгоороо давуу талтай юм.