АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин цөмийн зэвсэг ашиглах тухай аливаа яриа үүсгэх нь аюултай үр дагаварт хүргэж болохыг анхааруулсан байна.
Тэрээр лхагва гаригт “NBC” телевизэд ярилцлага өгсөн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалах яам цөмийн дайн болох эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа талаар асуусан юм.
Тэгвэл Ллойд Остин энэ талаар “Цөмийн зэвсэг ашиглах талаар аливаа яриа үүсгэн нь тун аюултай. Тиймээс аль болох энэ сэдвээр яриа өрнүүлэхгүй байх нь зүйтэй. Цөмийн дайн дэлхийн уур амьсгалыг бүхэлд нь өөрчилнө. Ийм эмзэг сэдвээр болгоомжгүй байр суурь илэрхийлэх нь талууд нөхцөл байдлыг буруу үнэлж, залруулах боломжгүй шийдвэр гаргахад хүргэж болзошгүй. Бид тийм зүйл болохыг огт хүсэхгүй байна” гэжээ.
Мөн тэрээр АНУ цөмийн асуудалд тайван хандаж байгаа. Бид өөрсдийгөө болон холбоотнуудаа энэ асуудлаас авч гарна гэдэгтээ илтгэлтэй байна гэх байр суурь илэрхийлсэн байна.
Түүнчлэн, АНУ-ын Батлан хамгаалах яам энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан тив алгасагч “Minuteman III” баллистик пуужингийн туршилтыг цуцлах болсон шийдвэрийг өчигдөр танилцуулсан. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн хурал хийх үеэрээ энэ талаар “ОХУ-тай хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед талуудын харилцаанд буруу ойлголт төрүүлэх, буруугаар тайлбарлагдаж болох аливаа үйлдлээс зайлсхийх зорилгоор баллистик пуужингийн туршилтыг цуцалсан” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN